Төсөл

Гурван найз

2014 оны 1 сарын 9
www.edutv.mn

“Боловсрол суваг” телевиз ирж буй хавар үзэгчдийнхээ стрессийг тайлж, инээд хөөр бэлэглэхээр “Гурван найз” олон ангит киног бүтээж байна. 40 ангит энэхүү кинонд хөгжилтэй, саваагүй найзуудын адал явдал, паянгуудын талаар өгүүлэх болно.

 

Тун удахгүй цэнхэр дэлгэцнээ гарах "Гурван найз" кино ситком гэдгээрээ онцлогтой. Ситком буюу Situation Comedy гэдгийг үйл явдлын инээдэм гэж утгачилж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, үгээр тоглож хүнийг инээлгэхээсээ илүүтэй үйл явдлаар инээлгэдэг байна. Америкийн NBC телевизээр бүтэн арван жилийн турш гарч, манай үзэгчдийн ч хүртээл болж байсан "Friends" буюу "Найзууд" болон бидний сайн мэдэх хөгжилтэй, инээдмийн "Гиллиганы арал" зэрэг цувралууд бол энэ төрлийн киноны тод жишээ юм. 

 

Ингээд тун удахгүй “Боловсрол суваг” телевизийн шинэхэн ситкомтой хамт байх үзэгчдэдээ зориулан гол дүрийн гурван найзыг танилцуулж байна.

 

 

Жүжигчин О.Тэмүүжин

Энэ бол Төгөлдөр. Ямар ч багт залан чиглүүлэгч, удирдагч гэж байдаг даа. Төгөлдөрийг манай гурван найзын удирдагч нь бас ээж нь ч, аав нь ч гэж хэлж болно. Багаасаа онц сурлагатан, гавал толгой байсан тэрээр одоо ч гэсэн найзуудынхаа дунд хамгийн про нь.

 

Жүжигчин Д.Түвшинтөр
Харин энэ бол Санчир. Жинхэнэ будлианы эзэн гэж хэлж болно. Түүн шиг сайхан сэтгэлтэй хүнийг одоо үед олоход хэцүү шүү. Тийм ч учраас үзэсгэлэнтэй найз бүсгүйтэй. 

Эгчийнхээ гар дээр эрхэлж өссөн тэрээр найзуудынхаа дунд ч хамгийн эрх, гэнэн цайлган, үрэлгэн нь. Бас мэдээж үнэхээр хөгжилтэй нэгэн.

 

Жүжигчин Г.Анхбаяр

Энэ бол Цэкү. Бүтэн нэр нь Цэрэндалай. Хэдийгээр тийм сайхан нэртэй биш ч гэсэн тэр үргэлж бүсгүйчүүдийг араасаа хуйлруулж байдаг сайхан залуу. Багаасаа өнчирч хоцорсон ч амьдралд гуньж гутардаггүй, сэргэлэн зантай, саваагүй, алиа, бас нэлээд хүүхэмсэг нэгэн.

 

Ингээд бид гурван найзтайгаа танилцчихлаа. Аль хэдийн киног  нь үзэх хүсэл төрсөн гэдэгт итгэлтэй байна. Ирж буй хаврыг “Боловсрол суваг” телевизээр “Гурван найз”-тай хамт өнгөрүүлээрэй.