мэдээ мэдээлэл

Спортын одод аяыг таана.

2016 оны 10 сарын 20
www.edutv.mn

Амралтын өдрийг тань дуугаар хөглөдөг”Аяыг таа” шоу нэвтрүүлгийн 7 хоногийн дугаарт “Алдар спорт хороо”-ны тамирчид оролцлоо.  Олон улсын хэмжээний мастер, үндэсний шигшээ багийн тамирчин Чинзориг хүн төрөлхтний спортын их наадам, зуны 31-дэх удаагийн олимпoд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон энэ цагийн шилдэг боксчдын нэг. Түүний хувьд дуу хөгжим гэдэг амьдралынх нь салшгүй нэг хэсэг бөгөөд бэлтгэл сургуулилтын дараа амрах, тэмцээний өмнө анхаарлаа төвлөрүүлэх үедээ дуу сонсдог байна. Тэрээр орчин үеийн рок,поп дуунуудыг шимтэн сонсох дуртай.

Харин Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн тамирчин Маамуугийн хувьд зохиолын  болон поп дуу ихэвчлэн сонсдог. Хөнгөн атлетикийн зээрэнцэг, диск, бөмбөг шидэлтийн төрлүүдээр улсдаа тэргүүлдэг тэрээр ОУ-ын чанартай тэмцээнүүдээс цөөнгүй медаль авч, эх орныхоо нэрийг гаргажээ. Нэвтрүүлэгт өрсөлдөж байгаа ганц эмэгтэй учраас 2 залуутайгаа эн тэнцүүхэн өрсөлдөхийн тулд нэвтрүүлгийн өмнөхөн чамгүй бэлтгэл базаасан гэнэ.

Энэ удаагийн нэвтрүүлгийн хүчтэй оролцогч бол Улсын харцага Өсөх-Ирээдүй. Манай бөхчүүд сайхан дуулдагийн жишгээр Өсөх-Ирээдүй харцага “Алдар спорт хороо”-ны урдаа барьдаг дуучин. Түүний дуулахыг сонссон хүмүүс дуучин болоогүйг нь гайхдаг гэнэ шүү.
 

 Ийнхүү салбар, салбарын шилдэгүүд оролцож байгаа “Аяыг таа” шоу нэвтрүүлгийн ээлжит нэгэн сонирхолтой дугаар үзэгч танд хүрэхэд бэлэн боллоо. Урлагт “маруухан” гэж өөрсдийгөө үздэг спортынхон хэрхэн "Аяыг таа"-хыг 10-р сарын 22ны Бямба гарагийн үдэш хүлээн авч үзээрэй.