мэдээ мэдээлэл

Симон де Бовуарын 1965 онд “Paris review” сэтгүүлд өгсөн ярилцлагаас

2014 оны 6 сарын 24
www.edutv.mn
феминист Симон де Бовуарын “Paris review” сэтгүүлийн 1965 оны дөрөвдүгээр сарын дугаарт өгсөн ярилцлагыг толилуулж байна. “Дайвар хүйстэн” номоороо шуугиан тарьж, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан хэд хэдэн чухал зохиол бичсэн түүнийг нэрт философич, зохиолч Жан Пол Сартрын гэргий байсан гэдгийг та бид мэдэх билээ. “Paris review” сэтгүүлийн сурвалжлагч Мадлен Гобэйлийн бидэнд үлдээсэн нэгэн чухал, ховор яриаг хүлээн авна уу.
Симон де Бовуартай уулзахаар гэрт нь очиход тэр надад Жан Женет, Жан Пол Сартр нарыг танилцуулав. Аль алинтай нь би урьд уулзаж, ярилцлага авч байсан учраас ёсыг бодож мэнд мэдээд, тэдэнтэй биш өөртэй нь ярилцлага хийх хүсэлтэй байгаа гэдгээ дуулгахад Бовуар гайхан харснаа “Яагаад миний тухай ярих хэрэгтэй гэж. Би гурван ч дурсамж ном бичихдээ амьдралынхаа түүхийг хангалттай гаргасан гэж чи бодохгүй байна уу” гэж асуув.
“Тийм ээ” гэж би хүлээн зөвшөөрөөд, “Бид таныг удаан саатуулахгүй” хэмээн ам өчиг өгснөөр Сартрын гэрээс таван минут алхах зайд орших “Шольцера” студи руу явлаа. Нарны гэрэл нэлэнхүй туссан энэ өрөөнд Бовуарын гэрэлтсэн цэнхэр нүдтэй, залуухан үеийнх нь хэд хэдэн зураг байв. Багахан номын сангаас дутахааргүй тавиураа сонжиж байснаа тэр над руу нөхөрсөг гэгч нь инээснээ, “Бид хэтэрхий удаан саатах нь, яриагаа эхлэх үү” гээд ширээнд намайг урилаа.
-Та сүүлийн долоон жилийг дурсамж номоо бичихэд зарцуулахдаа зохиол бичих болсон сэдэл болоод шашинд итгэх итгэлээ алдсан тухай олонтаа дурдсан. Бурханд итгэхээ байсан нь таныг зохиол бичихэд их гүн нөлөөлсөн юм шиг санагдлаа. Энэ үнэн үү?
-Миний бичих сонирхол бүр багынх. Би найман настайгаасаа өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн ч хүүхэд бүр ийм замыг туулдаг учраас энэ нь онцгой зүйл огтхон ч биш. Харин зохиол бичих тухай бодитоор хүсэж, оролдож эхлэх үед би үнэхээр бурханд итгэх итгэлгүй болчихсон байсан нь үнэн. Жорж Элиотын “Голын хөвөөний тээрэм”-ийг уншсан нь бас их нөлөөлсөн. Уншигчдыг өөртөө татаж, дагуулах чадвар нь намайг бишрүүлж байлаа.
-Таны бүтээлүүдэд Английн уран зохиолын нөлөө тусгал бий гэж та боддог уу?
-Багадаа их уншсан. Хүүхдийн зохиолын төрөл Францаас илүү Англид сайн хөгжиж, алдартай олон зохиол хэвлэгдсэн байдаг. “Алиса гайхамшгийн оронд”, “Питер Пэн”- ийг дурлан уншдаг байлаа.
-Зохиолчдод коллеж болон их сургуулийн боловсрол хэрэгтэй гэж та боддог уу. Таныг Сорбоннагийн их сургуулийн шилдэг оюутан байснаас гадна сайн багш болох ирээдүйтэй байсан гэж хүмүүс одоо ч ярьдаг.
-Их сургуулиас би философийн тун өнгөцхөн мэдлэг авсан гэж боддог ч тэнд өнгөрүүлсэн он жилүүд миний гүн ухаанд дурлах сонирхлыг их өдөөсөн. Тэндээс би олигтой юм авахгүй нь гэдгээ мэдсэнээс хойш номын санд илүү цагаар сууж, өөрийг өө боловсруулах гэж их хичээсэн. “Дайвар хүйстэн” номоо бичихэд олон бэрхшээлтэй тулгарч байсан ч, их сургуульд заасан бүхэн огтхон ч нэмэргүй, харин өөрөө олж уншсан, эрэл хайгуул хийсэн минь их туршлага болсон. Дараа нь сургуулиас надад багшлах хүсэлт тавьж, түүний дагуу би багшлах гэж богинохон хугацааг зарцуулсан.
-Та өөрийгөө сайн багш байсан гэж боддог уу?
-Үгүй байх. Учир нь би бүх оюутантай биш, гялалзсан хэдтэй нь илүү тулж ажилладаг байсан. Сайн багш оюутан бүртэй тулж ажиллаж, бүгдийнх нь сонирхлыг татсан хичээл заах ёстой. Харин чи философийн багш бол дээрх арга бараг л нэмэргүй. Учир нь ангид дөрөв юм уу таван оюутан л хэлсэн бүхнийг чинь хүлээж авдаг. Бусад нь юу ч байсан үл тоодог. Тийм учраас би ч гэсэн тэднийг үл тоохоос өөр аргагүй.
-Та арав гаруй жил бичсэний эцэст, анхны номоо 35 насандаа хэвлүүлсэн. Энэ зуур зориг, итгэл чинь мохож байв уу?
-Үгүй. Учир нь тухайн үед залуу зохиолчийн философийн номыг хэн ч ойшоодоггүй байлаа. Тийм болохоор би хүлээхээр шийдсэн юм. Жишээ нь, Ж.П.Сартр “Огиудас”, “Хана” зохиолоо эрт бичиж дуусгасан ч 35 насандаа хэвлүүлсэн. Философийн бус ажлуудаас “Тэр үлдэхээр ирлээ”-г хэвлэлийн газраас буцаах үед нь урам хугарсан. Хэсэг зуур гонсойж явсны эцэст “Зохиолоо хэвлүүлэх тохиромжтой цагийг хүлээх хэрэгтэй юм байна” гэж бодсон.
-Хүмүүс таныг хувийн сахилга бат сайтай, нэг ч хуудас бичихгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөдөггүй гэдэг. Та өдрийн аль үед бичиж эхэлдэг вэ?
-Зохиолоо үргэлжлүүлэхсэн гэж би маш их яардаг ч тухайн өдрийг юм бичиж эхлүүлэх дургүй. Өглөө сэрмэгц хамгийн түрүүнд халуун цай ууж, тайван суух дуртай. Тэгээд 13.00 цаг хүртэл бичнэ. Найз нөхөдтэйгөө уулзаж, хувийн ажлаа амжуулсны дараа 17.00-21.00 цаг хүртэл дахиад бичиж суудаг. Яг өдрийн цагаар юм бичиж суух надад залхуутай санагддаг.
-Тэгээд хэдийд нь Ж.П.Сартрт цаг гаргадаг байсан юм бэ. Та түүний тухай нэг ч үг дуугарсангүй.
-Би түүний ажлын өрөөнд зохиолоо бичиж суудаг ч энэ үеэр барагтай л бол үг сольдоггүй. Өдөр, оройн хоолны үеэр л тухтай сууж, юм ярьдаг байсан даа.

                                                    Нөхөр Жан Пол Сартрын хамт


-Зохиолч нөхөд тань бас ийм зуршилтай юу?
-Үгүй ээ, миний л хувийн дэг. Жишээ нь, миний найз Жан Жене нэг зохиол эхлүүлсэн бол бүтэн зургаан сарын турш өдөрт 12 цаг суудаг. Энэ зуур хүнтэй уулзах, гадагшаа гарахыг тас хорьдог. Би хэзээ ч тэгж чадахгүй.
-Нельсон Алгрен таны гар бичмэлийг хүн уншаад ойлгохооргүй таталгасан зураасаар дүүрэн гэж хэлж байсан. Тэр өөрийгөө таны гар бичмэлийг уншиж чадах тун цөөн хүний нэг гэсэн нь үнэн үү?
-Энэ тухай бодож байсангүй. Гэхдээ миний бичгийн хэв тийм ч муухай биш байх аа. Бодсоноо хурдан гаргах гэж яарахдаа таталган бичдэг байж болох юм. Сүүлийн номоо дуусгаад би эхээ дахин хуулж бичсэн. Дараа нь харахад маш сайн гаргацтай байсан.
-Дурсамж номынхоо дэд бүлэгт та “Огиудас”-аа бичиж байх үеийн Сартрын зургийг зурснаа хавсаргасан. Та хоёрын хайр дурлалын ид үе байсан санагдана. Тэр хэсэгт “Бид хэрэв үхвэл там, диваажингийн алинаас ч Сартрыг олохгүй” гэж бичсэн байсан нь ямар учиртай вэ?
-Ж.П.Сартр “Үг” номондоо үхлийн тухай бодлоо бичсэн байдаг даа. Тэр үхлээс айдаггүйн дээр өөрийгөө үхэшгүй мөнхийн амьтай гэж бичсэн. Учир нь түүний бие шороонд булагдлаа ч зохиолууд нь үлдэнэ. Тэр зохиолууд нь он удаан жил амьдруулж, үхэшгүй байлгана гэж. Би энэ тухай л бичсэн.
-Та зохиолынхоо баатруудын нэрийг яаж сонгодог вэ?
-Зохиолын баатрын нэрэнд онцгой ач холбогдол өгдөггүй. “Тэр үлдэхээр ирлээ”-гийн Хавиэрийг зохиол бичиж эхэлсэн өдөр тааралдсан хүний нэрээр нэрлэсэн. Нэр өгөх үедээ утасны дэвтрээ харах, эсвэл хуучин оюутнуудынхаа нэрийг бодож байгаад сонгодог.
-Таны зохиолын эмэгтэй дүрүүд ихэвчлэн төсөөллөөсөө болж төөрөгдөлд орсон, эсвэл солиорсон байдаг. Энэ тухай яриач?
-Өнөөгийн эмэгтэйчүүд яг л ийм байна. Эмэгтэйчүүдийн хүслийг харгалзан үзэхгүйгээр нийгэм тэднээс маш их зүйлийг албадан шаарддаг. Тийм болохоор тэд өөрсдөө ч мэдэхгүйгээр солиорч эхэлж байна. Эмэгтэйчүүдийн тухай хамгийн сайхнаар дүрсэлсэн зохиол гэхэд ихдээ л тэднийг гэр орны үүрэг, ажлын балансыг барьсан байдалтайгаар гаргадаг. Харин миний эмэгтэй уншигчид үүнээс илүүг надаас хүсдэг. Энэ нь цаагуураа надаас биш, энэ нийгмээс юу хүсэж буйнх нь илрэл.
-Эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй эрх чөлөөтэй байх хэрэгтэй гэж та үздэг, зохиолдоо ч үүнийг тусгадаг. Гэхдээ үлгэр болчихлоор эрх чөлөөтэй, тусгаар тогтносон эмэгтэйн дүрийг та ердөө ч гаргаагүй. Яагаад тэр вэ?
-Тэд одоо ямар байгааг л гаргахыг хүсдэг. Учир нь үнэнийг нууж хаахгүй илчилж байж нийгэм биднийг ойлгодог болно.
-“The Mandarins” зохиолоо гаргаснаас хойш та уран зохиолын ном бичихээ больж, дурсамж номоо гаргаж эхэлсэн. Та ахиж зохиол бичихгүй юу?
-Эрс шийдсэн юм алга. Энэ хоёр төрөл надад хоёул таалагддаг. Бүр багадаа, дөнгөж зохиол бичиж эхлэх үедээ дурсамж бичиж, өөрийн үзэж туулсан бүхнийг гаргаж, уншигчтайгаа чин сэтгэлээсээ “ярилцах” юмсан гэж хүсдэг байснаа сая гаргалаа. Би бага насныхаа тухай бичихийг маш их хүсдэг ч одоо хэвлүүлээд буй гурван номондоо энэ тухай дэлгэрэнгүй өгүүлээгүй. “Хүлцэнгүй охины дурдатгал” дурсамжаа бичсэний дараа би ханаагүй. Нэг л дутуу оргиод байлаа. Дараа нь “Амьдралын эхний шат”-аа бичиж, 21 настай байснаас одоог хүртэлх дурсамжаа бичсэний дараа арай дээрдсэн.
-Францын контемпорари зохиолчдоос хэн таны анхаарлыг татаж байна вэ?
-Нэг их олон хүн биш. Маш олон зохиолчид над руу гар бичмэлээ явуулдаг ч ядруухан нь их юм. Яг одоо бол надад Виолетта Ледюк таалагдаж байгаа. 1946 онд хэвлүүлсэн “Collection Espoir” (А.Камю редакторласан)-ыг нь шүүмжлэгчид тэнгэрт тултал магтаж байна. Ж.П.Сартр, Ж.Жене хоёр түүнийг их таашаадаг. Сүүлд гаргасан “Les Temps Modernes”- ийг нь Ж.П.Сартр өөрийн хүсэлтээр редакторласан.
Орчуулсан /Ж. Тэгшжаргал/